Өнгөрсөн долоо хоногт дэлхийн загварын ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо. Английн нэрт дизайнер Alexander McQueen ид хийж бүтээх эрч хүчээр дүүрэн дөчхөн насандаа хорвоог орхив. Түүнийг өнгөрөгч пүрэв гаригт буюу 11-ний өглөө эрт Лондонгийн Грийн стрийт дэх гэртээ амьсгал хураасан байсныг гэрийн үйлчлэгч нь эхэлж мэдсэн байна. Түүний цогцост задлан шинжилгээ хийхээр хугацаа товложээ. McQueen-ныг амиа егүүтгэсэн байж болзошгүй талаар зарим эх сурвалжид мэдээлсэн ч албан ёсны дүгнэлт хараахан гарах болоогүй байна. Түүний үхлээс ердөө хэдхэн өдрийн дараа Лондонгийн загварын долоо хоног эхлэх байлаа. Хэдийгээр McQueen Лондонгийн загварын шоунд оролцох хуваарьгүй байсан ч гэсэн хүндтэй зочдын нэг байсан аж. Харин тэрбээр нэг сарын дараа Парисын загварын долоо хоногт өөрийнхөө 2010, 2011 оны намар, өвлийн коллекцоо толилуулахаар зэхэж байсан юм.

Энэ харамсалтай явдлаас арав хүрэхгүй хоногийн өмнө Alexander McQueen-ний ээж Joyce өвчний улмаас нас нөгчсөн байжээ. Хамгаас хайртай ээжийнх нь үхэл түүнд сэтгэл санааны хүнд цохилт болсон нь мэдээж. Гэхдээ нэрт дизайнерын үхэл үүнтэй холбоотой эсэхийг хэн ч мэдэхгүй.

McQueen "Twitter" хуудсан дээр энэ сарын хоёрны өдөр "Би зүгээр л надад тохиолдсон уй гашууг та нартайгаа хуваалцмаар байна. Миний ээж өчигдөрхөн миний дэргэдээс үүрд явлаа" гэж бичсэн байжээ. Хэдэн минутын дараа "Гэвч амьдрал үргэлжлэх ёстой" гэж нэмж бичсэн байв. Харин долооны ням гаригт тэр "Аймшигтай муухай долоо хоног өнгөрлөө. Гэхдээ миний найзууд дэндүү гайхалтай байлаа" гэж "Twitter" хуудсандаа бичжээ. Түүний блогтоо бичсэн сүүлчийн үг энэ байлаа.

Нэрт дизайнерийн хамгийн дотны найзуудын нэг болох супермодель Kate Moss-ын хэвлэлийн төлөөлөгч "Кэйт маш хүнд байгаа. Тэр дотны найзаа алдсандаа итгэж ч чадахгүй, сэтгэл санааны хүнд шоконд ороод байна" гэж ярьсан байна. McQueen-ний мэргэжил нэгт нөхөр, дизайнер Matthew Williamson энэ гунигт явдлын талаар "Түүний минь авъяасыг хэнтэй ч харьцуулшгүй. Тэр бол генийн авъяастан. Би түүнийгээ алдсандаа дэндүү ихээр гашуудаж байна" гэжээ. Английн загварын ертөнцийн тод төлөөлөгч Vivienne Westwood ч нулимс унаган, гашуудаж байгаагаа дуугүй илэрхийллээ.

Nicole Kidman, Rihanna, Penelope Cruz, Sarah Jessica Parker, Lady Gaga нар түүний ер бусын этгээд загваруудын шүтэн бишрэгчид байсан юм. Lady Gaga ихэнх клипэн дээрээ Alexander McQueen-ны хувцаснуудыг өмсдөг байна.

Английн хувцас загварын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн сайшаагддаг Alexander McQueen 1969 онд Лондонд зургаан хүүхэдтэй айлын отгон хүү болон мэндэлжээ. 16-тайдаа сургуулиа хаяж, Savile Row гэх жижиг хувцасны компанид дагалдан оёдолчноор ажилд орсон байна. Ингээд дөрвөн жилийн дараа дизайнер Koji Tatsuno-гийн туслахаар ажиллаж эхэлжээ. Түүнээс дахин нэг жилийн дараа McQueen Италийн Милан хот руу аяллаар явахдаа самбаачлан тэндээ үлдэж Romeo Gigli-ийн туслах зохион бүтээгчээр ажиллах болов. 1994 онд эх орондоо эргэн очиж, Central St Martins College-д хувцас загварын дизайнераар мастерын зэрэг хамгаалжээ. Английн алдартай сэтгүүлүүдийн редактор асан Isabella Blow гэгч загварын ертөнцийн нөлөө бүхий хатагтай McQueen-ний мастер хамгаалсан коллекцийг бүхэлд нь 5000 паундаар худалдан авсан нь тухайн үедээ томоохон сенсаац болж байв. 1996 оны аравдугаар сард тэрбээр алдарт Givenchy загварын ордны ерөнхий дизайнераар сонгогдсон билээ. Тэндээ McQueen 2001 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ. Alexander McQueen-нийг хувцас загварын ертөнцөд арав хүрэхгүй жилийн дотор бусдын хайр хүндэтгэлийг маш ихээр хүлээж чадсан цөөхөн дизайнеруудын нэг гэлцдэг.

Харамсалтай нь түүний хувийн амьдрал загварын тайзан дээрх амжилт шиг нь шулуун дардан байгаагүй. Тэр ижил хүйстэн байсан. Зургаан настай байхдаа бэлгийн өөр чиг хандлагатай гэдгээ анх мэдсэн тухайгаа хэвлэлд ярьсан байдаг. 18 настайдаа гэрийнхэндээ бэлгийн чиг хандлагынхаа талаар хэлж байжээ. McQueen 2000 оны зун 24 настай баримтат кино найруулагч George Forsyth гэх залуутай албан бус байдлаар гэрлэсэн боловч тэдний гэрлэлт цөөн хэдэн жилийн настай байсан аж.

Alexander McQueen Их Британийн оны шилдэг дизайнер гэх нэр хүндтэй шагналыг дөрвөн удаа хүртээд зогсохгүй Америкийн дизайнеруудын консулын олон улсын хамгийн шилдэг зохион бүтээгчийн шагналын эзнээр ч тодорч байсан юм.

Ж.Индра

news.mn

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тооллого

Архив