“ТОП”-ООР ЦОЛЛУУЛЖ АЛДРАА ДУУРСГАСАН 10 БҮСГҮЙ

Ж.СОЛОНГО


Загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн үе үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдөд “Топ модель” цолыг 2001 оноос олгох болсон. Хов, жив хэрүүл шуугианаас нэр нь салдаггүй “Топ”-уудын хэн нь жинхэнэ шилдэг байв аа. Үүнийг дүгнэх эрхийг танд үлдээе. Өдгөө хүртэл тодорсон 10 “Топ модель” бүсгүйг эргэн сануулъя. Зарим нэг нь 20 гаруй жил загварын тайзнаас буулгүй хүндтэй хэвээр байгаа бол нөгөө хэсэг нь цуутай бүсгүйн амьдарлаас татгалзан гэрийн эзэгтэй болоод амар тайван амьдарч буй.

1.Э.Одгэрэл
“Мөнхийн залуу” гэсэн тодотголтой энэ сайхан бүсгүй 1986 оноос загвар өмсөж эхэлжээ. 20 гаруй
жилийн туршлага, сайхан бие нь түүнийг өдгөө хүртэл тайзнаас буулгаагүй юм. 2001 онд анхны “топ модель” цолыг хүртсэн нэгэн. 1967 нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Сүүлийн гурван жил “Гоёо”ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн энэ оноос “Орифлейм” компанийн “Wellness” цувралыг төлөөлөх болсон. Загвар өмсөх гараагаа “Шилмэл загвар” компанийн загварын агентлагаас эхэлсэн тэрбээр өдгөө дизайнеруудын холбоонд ажиллаж буй.

2. Д.Болормаа
“Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа 1990 оноос загвар өмсөж эхэлжээ. 2001 онд Э.Одгэрэлийн хамт “Топ модель” цол хүртсэн аж. Монголын төдийгүй “Азийн топ модель” хэмээн үнэлэгддэг тэрбээр анх шилмэл загварын ордонд оёдолчин хийдэг байжээ. Тухайн үед тус компани өөрийн бүх загвар өмсөгчдөө давхар ажил хийлгэдэг байсан нь энэ юм. 40 шүргэж яваа ч байраа тавьж өгөх болоогүйгээ нотлон өнгөрсөн онд Урлах эрдмийн дээд сургуулийн загварын долоо хоногийн үеэр шавь нараа манлайлан тайзнаа гарч байсан. 30 настайдаа өөрийн гэсэн загварын агентлагтай болсон “топ”-ыг загвар өмсөгч төдийгүй сайн багш гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Түүний шавь нарын тоо хэдийнэ 3000 хол давжээ. Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төрсөн.

3. Д.Цолмон
2002 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн тэрбээр одоо MCS компанид ажилладаг. 1975 оны
наймдугаар сарын 12-нд төрсөн. Анх 17 настайдаа загварын тайзнаа гарчээ.

4. Х.Ундраа
Тэрбээр 1998 оноос “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт 14 наснаасаа суралцаж эхэлсэн. Түүний хувьд гоо сайхан биеэс илүү мэдлэг боловсрол эрхэм. Энэ оны долдугаар сарын 10-нд 26 нас хүрэх боловч тэр хэдийнэ тайзаа орхиж “Mobicom” компанид ажиллах болжээ. “Гоёл 2004” наадмаас “Топ модель” өргөмжлөл хүртсэн.

5. Ч.Туяацэцэг
“Топ модель” Д.Цолмонтой үй зайгүй нөхөрлөдөг түүний хувьд 2003 онд энэ өргөмлөлийг хүртжээ. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр 1978 оны дөрөвдүгээр сарын 9-нд төржээ. Одоо “MCS” компанид ажиллаж буй.

6. Т.Баярзул
Ардын бүжгээр бага байхаасаа хичээллэж балетчин болохыг мөрөөддөг байсан охин загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзлэн 2005 оны “топ”-оор шалгарч байсан. Хэн ч харсан энгийн бөгөөд эрхэмсэг төрхийг өөртөө нэгтгэж чадсан түүнийг цуутай хүүхнүүдийг дайрдаг хов жив харин тойроод өнгөрсөн гэлтэй. Эгэл даруухан загвар өмсөгч ээж өдгөө 30 настай. Балетчин болох мөрөөдлийг түүний 174 см өндөр нуруу нь үгүй хийсэн ч нэр хүндтэй загвар өмсөгчийн эгнээнд авчирсан юм.

7. Д.Пүрэвсүрэн
“Гоёл 2006” наадмын “Топ модель” өргөмжлөлт Д.Пүрэвсүрэнг алтны магнатын экс эхнэр гэдэг нэр
хаана ч дагадаг. Баян залуугийн өвөрт эрхэлсэндээ “од” болоогүй, надад авьяас бий гэдгээ нотлон
тэрбээр жүжигчний мэргэжил эзэмшсэн. Дуучдын клипэнд өнгө нэмж, сурталчилгаагаар дамжуулан
дэлгэцнээ үзэгддэг загвар өмсөгчдөөс тэр тэс өөр. Сүүлийн үед кино урлагийн салбарт хүч үзэж яваа.
Түүний тоглосон “Боолын гэрээ” кино өнгөрсөн онд нэлээд амжилт олсон. Өдгөө тэрбээр “Гоёлын даашинз” инээдмийн кинонд тоглож буй. 2002 онд “Ганга гоёл” загварын агентлагт хичээллэж
эхэлснээр дээрх амжилтад хүрчээ.

8. Г.Уранцэцэг
Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэгийг ид үедээ яваа хэмээн тодорхойлж болох. 2007 оны “Гоёл” наадмаас “Топ” өргөмжлөл гардсан тэрбээр 1997 оноос загвар өмсөж эхэлжээ. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн. 12 нас хүртлээ Германд амьдарч
байжээ. Тэрбээр манай шилдэг загвар өмсөгч нарын нэг Т.Оюунтуяагийн шавь юм. 2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг амжилттай төгссөн аж.

9. Г.Алимаа
1998 оноос загварын тайзнаа алхсан түүний анхны мэргэжил нь хүнсний технологич. Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2008 онд “Топ модель” цол хүртсэн учраас олон хүн таагүй ханддаг аж.

10. О.Уянга
Отгон “топ” 14 наснаасаа загвар өмсөж эхэлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн ангид сурдаг түүнийг нэлээд ирээдүйтэй загвар өмсөгч гэдэгтэй маргах хүн үгүй. Загварын ертөнцөд хөл тавиад долоон жил болж буй ч түүний чадвар бусдаас ялгарч чаддаг гэнэ.
Биеийн харьцаа нь 84х58х89.

www.mongolnews.mn

О.Уянга: Манайхны таазаа хөдөлгөж, хөлөө зөрүүлж алхдаг нь загварын моодноос хэдийнэ арчигдсан 9 сар 18, 2008

designer Models, Монгол-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

Монголын загварын ертөнцөд өөрийн орон зайгаа хэдийнэ эзэлж, ид оргил үедээ яваа загвар өмсөгч

О.Уянгатай ярилцлаа. “Загварын ертөнц” булангийн өнөөдрийн зочноор уригдсан тэрээр Солонгос улсад сураад ирсэн байна.

-Солонгост сураад ир­жээ. Ямар чиглэлээр хэдий хугацаанд сурав?

-Тухайн улсад “Андрей Ким”-ийн нэг сарын хугацаа­тай загвар өмсөгчдийн сур­галтад хамрагдаад ирлээ. Монголоос надаас өөр гурван ч загвар өмсөгч явсан. Энэ жилээс эхлэн Монгол, Со­лонгосын загвар өмсөгчид хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд загвар өмсөгчдөө солилцон сургах сургалтад монголчуудыг хамруулаад байгаа. Биднийг Солонгосоос ирэх өдөр зөрж хоёрдугаар ээлжийнхэн тухайн улсыг зорьсон. Энэ мэт сургалт зургаан сар үргэлжлэх юм.

-Монголын загва­рын­хан Солонгосынхтой хамт­ран ажиллаж, загвар өм­сөгч солилцох болсон нь ямар учиртай юм бол. Тэнд байх хугацаанд юу сурсан тухайгаа сонирхуулаач?

-Солонгос улс загвар өм­сөгч, моделиор дэлхийн заг­варын ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг. Монго­лын загварынхны хувьд энэ удаагийн сургалт хамгийн анхных гэж хэлж болно. Өмнө нь манайхан гадаад руу заг­вар өмсөгчдөө сургаж байгаа­гүй. Энэ ч утгаараа бидэнд тухайн улсаас суралцах, мэдэж авах зүйл их байгаа. Ер нь Солонгосын загвар өмсөгчдийн тайзанд биеэ авч яваа байдал, алхаа зэргийг Монголынхтой харьцуулахад тэс өөр. Энэ нь загварын техниктэй нь холбоотой.

-Техник гэж тайзанд биеэ авч яваа байдлыг хэлээд байна уу?

-Тийм ээ.

-Хувцасны моод цаг үргэлж солигдож, халагд­даг. Загвар өмсөгчдийн хувьд үүний адил хуучнаа нэгмөсөн арчиж хаях мэ­тийн шинэчлэлүүд хийгд­дэг үү?

-Монголын загвар өм­сөгчдийн хувьд таазаа хаяж, дээр нь хөлөө зөрүүлж алхдаг нийтлэг зүйлүүд их анзаа­рагддаг. Энэ байдлыг дэл­хийн загварын ертөнц хэдий­нэ халчихсан юм билээ.

-Тэгвэл өнөөдөр дэл­хийн загварын ертөнцийнх­ний хувьд хүлээн зөвшөө­рөгдсөн ямар алхаа байдаг гэж. Манайхан тайзанд яаж алхах ёстой вэ?

-Загвар өмсөгчид таазаа хөдөлгөхгүй, хөлөө зөрүүлж тавихгүй алхахыг илүүд заасан байдаг. Нэг ёсондоо загвар өмсөж байхдаа илүү хөдөлгөөн хийхгүй байх нь чухал. Загвар өмсөгч хүн эршүүд алхаагаар алхах хэрэгтэй гэж дэлхийн загва­рын чиг хандлагад онцгойлон заасан байгаа. Энэ нь нэг л шугамаар алхахыг хэлдэг юм.

-Таныг “Шилмэл заг­вар” компанид багшилдаг гэж байсан. Загвар өмсө­хөөр хүчээ сорьж байгаа охид, хөвгүүдэд юуг сур­гахыг илүүд үздэг вэ?

-Загвар өмсөгчийг гоё хувцас өмсөөд л тайзанд сайхан харагдах төдийхнөөр хүмүүс ойлгодог. Тэгээд ч загвар өмсөгч гэхээр зүгээр л гунхсан сайхан хүүхэн байх ёсгүй шүү дээ.

Загвар өмсөгч хүнд хам­гийн гол нь өндөр боловсрол, гадаад хэлний мэдлэг чухал байдаг. Гадаад, дотоодын ямар ч уралдаан тэмцээнд оролцсон англи хэл төдийгүй хятад, солонгосоор ярьдаг байх нь чухал юм. Монголын загвар өмсөгчдийн хувьд хэлний мэдлэг дутмагаас болж өөрсдийгөө бүрэн гүйцэд илэрхийлж, нээж чаддаггүй дутагдлууд бий.

Миний хувьд одоогоор 30 гаруй шавьтай. Тэдэнд өөрийн гэсэн зорилготой бай­хаас гадна мэдлэг боловсро­лоо дээшлүүл гэж их хэлдэг дээ.

-Өөрөө ямар мэргэ­жил­тэй вэ. Аль орны хэлээр чөлөөтэй ярьж чадах вэ?

-Би Хүмүүнлэгийн ухаа­ны их сургуулийн сэтгүүл­чийн ангийн дөрөвдүгээр дам­жааны оюутан. Англи, хятад хэлийг өөрийгөө танилцуулах, бодол, саналаа илэрхийлэх хэмжээнд эзэмшсэн гэж боддог.

-Өөрөө их сургуулийн оюутан юм байна. Хичээ­лийнхээ хажуугаар ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Өглөөнөөс өдөр хүртэл хичээлдээ явж, дараа нь фит­несээр хичээллэдэг. Үүний дараа загвар өмсөх дамжаанд багшлах зэргээр хийх ажлаа амжуулдаг.

-Сургуулиа төгсөөд заг­вар өмсөх үү эсвэл сэт­гүүлч болох уу?

-Миний хувьд одоохондоо аль алиныг нь орхигдуулахгүй байхыг хүсдэг. Сургуулиа төгсөөд телевизийн сэтгүүлч болохыг хүсч байна.

-Өөрөө яагаад энэ мэр­гэжлийг сонгосон юм бэ?

-Манай гэр бүл, удмаа­раа эмч мэргэжилтэй. Харин би л ганцаараа сэтгүүлч болно гэсээр байгаад энэ мэргэж­лийг сонгосон юм. Хэн нэгний хараа хяналт, удирдлага дор байх биш хэлэх үгээ чөлөөтэй ярьж, илэрхийлдэг тийм л эрх чөлөөт сэтгүүлзүйг бий бол­гох үүднээс сэтгүүлч мэр­гэжлийг сонгож сурч байна.

-Өөрөө загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?

-Дөрвөн жил болж байгаа. Хүүхэд байхын өндөр нуруу­тай байсан. Дунд сургуулийн ах­лах ангид сурч байхдаа өөрийнхөө өндрөөс ичиж эмээ­­дэг байлаа. Тэгээд ч хэт өн­дөр хүн буруу алхаж хэв­ших нь цөөнгүй байдаг. Иймээс намайг зөв алхаж сургах зорилготойгоор эгч маань загвар өмсөгчийн “Эра” төв дээр дагуулж очсон. “Эра” төвөөс л миний загвар өмсөгч болох гараа маань эхэлсэн гэж болно. Одоо өмнөх шигээ биеийнхээ өнд­рөөс ичих хандлага минь хэдийнэ өөрчлөгдсөн. Тэгээд ч одоогийн загвар өмсдөг охид, хөвгүүд их нуруулаг болж байгаа. Ихэнх нь 182 см-ээс дээш өндөртэй болжээ.

-Таны биеийн өндөр, хэмжээ, жин хэд вэ?

-Би 180 см-ийн өндөртэй. Биеийн хэмжээ 87х60х90. 57 кг жинтэй.

-Манай дизайнеруудаас ихэвчлэн хэний хувцсыг өмсдөг вэ. Мөн өмсөхөд биед эвтэйхэн нь хэнийх вэ?

-Эмэгтэй дизайнерээс А.Баянзул, эрэгтэй загвар зохион бүтээгчдээс н.Овог­мэдийн хувцас илүү таалагд­даг. Загвар өмссөн цагаасаа эхэлж энэ хоёр дизайнерын хувцсыг өмссөн болоод ч тэр үү өмсөхөд эвтэйхэн санагд­даг. Мөн зохимжийн хувьд ч адил. Ер нь тухайн хувц­сыг өмсөхөөс өмнө судлах хэрэг­тэй байдаг. Тодруулбал, заг­вараараа бусад хувцснаас юугаараа илүү. Ямар шийдэл, онцлогтойгоор бүтээгдсэнийг сайтар судалж байж өмсвөл хүмүүст илүү хүрнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр, харцаа ч хув­цастайгаа тохируулах хэрэг­тэй болдог. Өөрөөр хэлбэл, хурц шийдэл бүхий хувцас өмсөөд инээмсэглэн алхах нь тохиромжгүй.

-Дөрвөн жил гэдэг бол загварынхны хувьд тийм ч богино хугацаа биш. Өн­гөр­сөн хугацаанд ямар амжилт гаргав?

-”Мисс Монголия” 2006 наадмын “Мисс модель” өр­гөмжлөлийг гардаж, “Top model of the world” болон “Miss global city competation” гэсэн хоёр ч тэмцээнд оролцох эрхийг олж авсан. Тайваньд зохиогдсон энэ тэмцээнд оролцоод “Гоё үндэсний хувцастай хот”, “Тайванийн мисс” гэсэн өргөмжлөлөөр тус бүр шагнуулж байлаа. Тэм­цээний үеэр шалгаруул­сан дэлхийн олон үндэсний хув­цас дотор миний өмссөн мон­гол дээл хамгийн шилдэг нь байсан гэж тухайн үед шүүг­чид хэлж байсан.

Мөн 2005 оноос Монго­лын загвар өмсөгчдөд I, II, III гэсэн зэрэглэлийг тогтоох шийдвэр гарсан байгаа. Тэр үед I зэрэглэлийн арван заг­вар өмсөгчийн тоонд баг­таж байлаа.

-Загварынхныг аливаа юманд хөнгөн хийсвэр ханд­­даг. Тэдний дунд эцэс хязгааргүй өрсөлдөөн өр­нөж байдаг мэтээр хүмүүс ойлгох нь бий. Хэрэв үнэ­хээр тийм бол энэ өрсөл­дөөн дунд та өөрийнхөө орон зайг яаж авч үлддэг вэ?

-Загвар өмсөгчдийн дунд эрэмбэ, дараа гэж бий. Хэ­дийгээр насаар дүү ч гэсэн олон жил загвар өмссөнөөр нь бие биеэ хүндэлдэг. Тэр­нээс загварт шинээр орж ирсэн нэгнээ элдвээр гооч­лох, га­дуурхах мэтийн зүйлс загвар өмсөгчдийн дунд бай­даггүй. Хувьдаа өндөр, биеийн хэм­жээ, мэдлэг боловс­ролоороо загварын ертөнцөд өөрийнхөө орон зайг эзэлдэг гэж боддог.

-Гэрийнхнээ танил­цуулахгүй юу. Хэнтэйгээ амьдардаг вэ?

-Аав, ээжтэйгээ амьдар­даг. Нэг ахтай. Ах маань БНХАУ-д эмч мэргэжлээр сурдаг. Харин аав олон жил цэргийн албанд ажиллаж бай­гаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ээж маань Эх, нялх­сын эр­дэм шинжилгээний төвд ажил­­ладаг юм. Би одоо­гоор хувийн амьдралаа зо­хиож амжаагүй.

Надад мэдлэг боловс­ролтой, өөртөө итгэлтэй за­луу л таалагддаг. Гэсэн ч хувийн амьдралаа зохиох гэж яарах болоогүй л байна.

Ч.Анна

Топ модель Д.Пvрэвсvрэн драмын тайзнаас кино урлаг руу хөл тавилаа 9 сар 18, 2008

designer Models, Монгол-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

Өнгөрсөн хугацаанд дра­мын тайзнаа олон гол дү­рийг бүтээж амжсан топ мо­дель Д.Пүрэвсүрэн “Хувьсал” про­дакшнаас гараад багагүй хуга­цааг үдэж байна.

Залуу нас, гоо үзэсгэлэн­гээ боловсрол, оюун мэдлэ­гээрээ чимэхийг эрмэлзсэн тэрээр энэ хугацааг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй бо­лол­той. Сингапурт хэдэн са­рын турш хэлний мэдлэгээ дээш­лүүлж байгаад эх орон­доо ирсэн түүнийг хоёр ч уран сайхны киноны урилга хүлээж байжээ.

Ирсэн даруйдаа “Боолын гэрээ” хэмээх уран сайхны кинонд тоглох саналыг хү­лээж авсан тэрээр наймду­гаар сарын эхнээс зураг авалтдаа орсон байна. Залуу­сын хайр сэтгэлийн адар­маатай асуудлыг онц сонир­холтойгоор тусгасан гэх уг киног хошин урлагийн жүжиг­чин Д.Хүрэлхүү продюс­сер­лэж байгаа аж.

Загварын тайзнаа өнгө нэмсээр ирсэн Д.Пүрэвсүрэн кино урлагт ч мөн цахиур хагалахаар зүтгэж эхэлсэн төдийгүй ангийн анд Н.Отгон­цэцэгтэйгээ “Боолын гэрээ” хэмээх энэхүү уран сайхны киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Харин тэдний дур­лалт залуусын дүрд Ардчил­сан намын сонгуулийн рекла­манд “Намайг Амараа гэдэг. Цэц­гийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би, Цэц­дийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би” хэмээн уншиж, олны ан­хаарлыг тат­сан жү­жигчин Н.Амараа бо­лоод түүн­тэй дэндүү адилхан төрсөн Ж.Болд хэмээх жүжиг­чин тоглохоор тодроод байна.

Ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Боолын гэрээ” уран сайхны киноны найруу­лагчаар өнгөрсөн жилийн турш ­хотын залуусын дунд хит болсон “Сайн уу, амьдрал минь” киноны найруулагч Н.Болд ажиллаж байгаа юм.

Ардын жүжигчин Б.Дам­чаа, төрийн шагналт Ц.Тө­мөрбаатар, соёлын тэргүү­ний ажилтан жүжигчин Ц.Бат­хуяг бу­юу Амбий, түү­ний гэргий З.Солонго, жү­жигчин Х.Баа­тархүү гээд олны танил уран бүтээлчид “Боо­лын гэ­рээ” уран сайхны киног чи­мж бай­гаа гэсэн.

Ч.Ану

Зурагчин: dn
Огноо: 2008-09-17

www.dailynews.mn-c

Би хэд хүртлээ гоё сайхан байна, тэр болтол загвар өмсөнө 9 сар 18, 2008

designer Models, Монгол-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

Загвар өмсөгч Б.Наранцацрал

-Та аль төвийн загвар өмсөгч вэ, хэдэн жил загвар өмсч байна?

-Би “Эра модельс” төвийн загвар өмсөгч. Одоогоос долоон жилийн өмнө “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч бэлтгэх дамжаанд анх орж байсан. Тухайн үед найз охидтойгоо санаандгүй явж байгаад л орчихсон. Тэр үед 14 настай байсан гэхэд миний өндөр бараг нэг метр 70 см байсан болохоор тэнцсэн байх. Тэгээд том Цолмон багшийн шавь болсон.

-Таныг хэдэн жилийн өмнө “Next top model” загвар өмсөгчийн реалити шоунд оролцож байсныг санаж байна?

-Одоо бараг гурван жил болж байна. Тэр шоунд 300 гаруй охидоос дэд байрт шалгарсан. Тэр бол маш том амжилт гэж би өөрөө бахархдаг. Миний загварын ертөнцөд хөл тавьснаас хойш хүртсэн хам­гийн том амжилт гэхэд болно шүү.

-Таныг гадаадын загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг гэж сонслоо?

-Манай “Эра” төв өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол дахь үйл ажиллагаагаа түр зогсоож гадаад харил­цаагаа өргөжүүлэхэд анхаарлаа хандуулсан. Энэ хугацаанд олон орноор явсан. Тухайлбал, Москва хотноо хөрш гурван орны загвар өмсөгчдийн дунд зохиогдсон үндсэний хувцасны наадамд оролцоод гранпри шагнал хүртлээ. Түүний дараа би Хөх хотын 60 жилд зориулсан наадамд оролцлоо. Хамгийн сүүлд гэвэл Италийн Милан хотноо дэлхийн аялал, жуулчлалын үзэсгэлэн яармаг болоход мөн оролцлоо. Тэнд “Гоёо” компани болон Соёлмаа эгчийн загваруудыг өмссөн.

Манай “Эра” төв Сингапурын “Diva model agency” компанитай албан ёсны гэрээ байгуулсан. Мөн Италийн Милан хот дахь загварын агентлагтай гэрээ байгуулсан. Ямар нэгэн загварын шоу зохиогдсон тохиолдолд хоёр тал хэлэлцэж байгаад загвар өмсөгчдөө солилцох боломжтой болсон.

-Хэрхэн солилцох вэ?

-Италиас ч юм уу, эсвэл Сингапураас и-мэйл явуулдаг. Харин манайх хариуд нь тухайн загвар өмсөгчийнхөө талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг явуулдаг юм. Тэгээд тухайн байгууллагын хүсэлтээр явдаг. Тэндээ очоод долоо эсвэл арав хоног тодорхой цалинтайгаар загвар өмсч байгаад ирдэг.

-Гадаадын загварын тайзнаа гара­хад шаардагдах гол зүйл нь юу байдаг вэ?

-Хэлний боловсрол, санхүүгийн байдал. Хэл бол загвар өмсөгчийн бусдаас онцгойрч гадаадын загварын тайзнаа гарах хам­гийн гол гүүр нь. Санхүү бол дараагийн асуудал л даа.

-Манай загвар өмсөгчид гадных­наас юугаа­раа давуу байна вэ?

-Гадаадын загвар өмсөгчдөд багш гэж байдаггүй юм билээ. Манайхан бол огт өөр. Бүгдээрээ техник болон бусад зүйлээ заалгах багштай байдгаараа илүү давуу байдаг юм шиг санагдсан.

-Гадны загвар өмсөгчид манайх­наас өөр байдаг уу. Европын хүүхнүүд их өндөр харагддаг?

-Загвар өмсөгчид нь их овортой юм билээ. Дөнгөж 17, 18-тай охид мөртлөө 25, 26-тай юм шиг харагддаг. Техник болон үзүүлэлтийн хувьд маш сайн. Нуруугаа­раа үнэхээр ялгарч байсан. Үүнийг л хэлмээр байна. Манай загвар өмсөгчдийн хамгийн өндөр нь л гэхэд метр 90-тэй байдаг. Тэгэхэд тэд бусадтай зэрэгцээд зогсохоор намханд нь орж байна лээ. Би метр 75-тай бүр намхан харагдаж байсан. Хоёр найз охинтойгоо дэлгүүрээр явж байтал Италийн хоёр загвар өмсөгчтэй тааралд­сан. Тэднийг бид бараг толгойгоо өлийл­гөж харсан гээч. Та хэдэн настай вэ гэсэн чинь 17-той гэдэг байгаа. Манай ихэнх загвар өмсөгчид 20 гаруй настай байдаг шүү дээ. Гэтэл тэдний дунд 20-той хүн бараг байдаггүй юм билээ. Италийн загварын агентлаг загвар өм­сөгч­дөө авахдаа метр 80 байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьдаг гэсэн.

-Гадны загвар өмсөгчид манайх­ныг бодвол царай муутай юм шиг харагддаг. Манайхан анх авахдаа тодорхой хэмжээгээр царайг нь хардаг юм болов уу?

-Миний бодлоор царай хараад байдаг­гүй байх аа. Биеийн харьцаа нь л сайн байвал болдог байх. Ямар ч царай муутай хүнийг будаад хөөрхөн болго­чихож болно шүү дээ.

-“Эра” модель төвөөс өөр гадны компаниудтай гэрээтэй ажилладаг байгууллага бий юу?

-Сайн мэдэхгүй байна. Саяхан гуравдугаар сард Германд болсон олон улсын наадамд “Шилмэл загвар” компа­нийн­хан яваад ирсэн гэж байсан.

-Загвар өмсөгчөөс өөр мэргэжил эзэмшсэн үү?

-Би одоо “Сэрүүлэг” дээд сургуулийн зочид буудал, зоогийн газрын удирдлагын ангид сурдаг.

-Яагаад загвар өмсөгчөөс тэс өөр мэргэжил сонгов оо?

-Энэ талаар нэлээд судалсан. Ма­найд олон хуульч, санхүүч, эмч байна шүү дээ. Гол нь энэ мэргэжлээр ажилла­хад ажлын байрны боломж байгаа гэж санагдсан. Нэгдүгээр курстээ “Сон­жин гранд” зочид буудалд дадлага хийсэн. Тэгэхэд тэд намайг ажиллахыг урьсан.

-Зарим загвар өмсөгчид 30 нас хүрээд л өөрийн гэсэн бизнес эрх­лээд тайзаа орхидог. Энэ тухайд та юу гэж боддог вэ?

-Эмэгтэй хүнд эзэмшсэн мэргэжил заавал байх ёстой гэдэг үүднээс би зочид буудал зоогийн газрын удирдлагын ангид сурч байгаа. Цаашид би загвараа ч өмсөнө, мэргэжлээрээ ч ажиллана. Би хэдэн нас хүртлээ гоё сайхан байна тэр хүртлээ загвар өмсөнө гэж боддог.

-Хоолны дэглэм барьдаг уу, биеийн жин хэд вэ?

-Хоолны дэглэм барьдаггүй ээ. Өдөртөө ойр, ойрхон 3-4 удаа хөнгөн хооллодог. Миний биеийн жин тогтмол 55-60-ын хооронд хэлбэлзэж байдаг.

-Гэр бүлийнхнийгээ танилцуу­лаач?

-Би гэртээ ээж, дүү хоёртойгоо амьдардаг. Ах, эгч хоёр маань гэр бүлтэй болоод тусдаа гарсан.

Т.Гэрэлмаа

Зурагчин: dn
Огноо: 2008-07-07

www.daailynews.mn-c

Н.Гаравсүрэн: Би өөрөөрөө бахархдаг 12 сар 21, 2007

designer Models, Монгол, Мэдээлэл-д бичсэн , 2сэтгэгдэл

2007 оны 12 сарын 17 Т.Нипонь
 Энэ жилийн “Гоёл” наадмаас шилдэг загвар өмсөгчийн шагнал хүртсэн загвар өмсөгч Н.Гаравсүрэнтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн хавар их сургуулиа төгссөн бөгөөд нэгэн банкинд хуулийн хэлтсийн бичиг хэрэг эрхэлсэн ажилтнаар ажилладаг юм байна.

-Юуны өмнө баяр хүргэе?

-Баярлалаа.
-“Гоёл” наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

-“Гоёл” наадмын 20 жилийн ойн босгон дээр нэр хүндтэй, том шагнал авсандаа баяртай байгаа.
-Та олны нүдэнд өртөлгүй байж байгаад гэнэт энэ том шагналын эзэн боллоо. Арай Ц.Мянганбаяртай холбоотой юм биш байгаа гээд л гадуур баахан шуугиж байна?

-Манай дизайнеруудын холбооны ТУЗ-ийн захирал Ц.Мянганбаяр ахтай холбоотой загвар өмсөгчид бүгд л шагнал авч байсан болохоор ийм бодол төрсөн байх л даа. Манайхан чинь гайгүйхэн яваа нэгнийгээ худалдаж мөнгө олчих гээд байдаг болчихож. Энэ удаа би ч бас өртөж байх шиг байна. Гэхдээ би түүнтэй ямар ч холбоогүй гэдгээ хэлмээр байна.

-Та хэдэн жил загвар өмсч байгаа вэ?
-Би дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгчийн нэг нь. Найман жил загвар өмсч байгаа.

-Энэ шагналыг Г.Оюунгэрэлийг эсвэл Д.Батцэцэгийг авна гэж бодож байсан хүн цөөнгүй байх шиг байна.
-Би өөрийгөө загвар өмсөгчийнхөө хувьд шагнал хүртсэн гэж бодож байна. Гэхдээ хүмүүс загвар өмсөгч, мисс гэдэг хоёр зүйлийг ялгаж салгахгүй байх шиг байна. Загвар өмсөгч дизайнерийн бүтээлийг, үзэгчдэд харуулдаг байхад мисс гэдэг хүн чинь хувь хүн талаасаа өрсөлддөг. Шүүгчид ийм шийдвэр гаргасан шүү дээ. Би өөрөө болох гэж зүтгээд, гуйгаад энэ шагналыг авсан гэж бодохгүй байна. Энэ бол шүүгчдийн л шалгаруулалт. Тийм болохоор өөр асууж лавлах зүйл байвал Монголын дизайнеруудын холбоонд хандсан нь дээр байх.

-Мисс биш болохоор бусдын нүдэнд өртдөггүй байх гэж үү?
-Би дуудсан газар болгонд очиж зураг авхуулаад байдаггүй. Угаасаа дизайнеруудын холбоотой гэрээтэй ажилладаг учраас дур мэдэн өөр зүйл хийдэггүй. Харин тайзан дээр загвар өмсөх үүргээ бол сайн мэднэ. Би энэ наадамд оролцохын тулд маш их хөдөлмөрлөсөн.

-Загвар өмсөгч хүний хөдөлмөр гэдгийг хүмүүс ойлгодоггүй байж болох юм. Таны бодлоор тэр хөдөлмөр юунаас эхэлдэг вэ?
-Биеийн хөдөлмөр, оюуны хөдөлмөр гээд олон зүйл орно л доо. Наад зах нь тайзны алхааг гудамжинд явж байгаагаасаа ялгаж харуулах хэрэгтэй. Дээр нь галбираа хадгалахын тулд хоолоо сайн тохируулах гээд ер нь ямар ч ажил, мэргэжлийн хувьд өөр өөрийн онцлогтой хөдөлмөр, сэтгэл, зүтгэл шаардагддаг шүү дээ.

-Оюуны хөдөлмөр гэдэгт нь юу багтах вэ?
-Мэдээж мэдлэг боловсролоо дээшлүүлэхээс эхлээд нийгэмтэйгээ харьцаж чаддаг байх гээд л олон зүйл байна.

-Одоо чинь аятайхан биетэй болгон нь л загвар өмсөгч болдог болчихсон юм биш үү? Топ модел Э.Одгэрэлийг нийгэмтэй харьцдагийг нь сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ л их мундаг загвар өмсөгч шүү дээ?
-Загвар өмсөгчдийг янз бүрээр л хэлдэг. Гэхдээ харж байхад загвар өмсөгчид маань мэдлэг боловсролоо дээшлүүлэх гэж хангалттай мэрийдэг юм шиг санагддаг. Хүмүүсийн боддог шиг толгой хоосон хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

-Өөрийнхөө тухай жаахан дэлгэрэнгүй тодорхойлолт хэлж болох уу?
-Хүнийг танихын тулд хамт олон, найз нөхдөөс нь асуу гэдэг шүү дээ. Өөрийгөө тийм, ийм гэх жаахан эвгүй юм /инээв/.

-Тэгвэл таны өөрийгөө үнэлэх үнэлэмж?
-Би өөрөөрөө бахархдаг. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Энэ мэдээж миний гэр бүл болон, ээжийн маань надад олгосон хүмүүжлээс эхэлнэ гэж хэлмээр байна.

-Одоо таныг олон хүн мэддэг боллоо. Миний бодлоор тэдний ихэнх нь эрчүүд байх. Тэдний өмнөөс асуухад найз залуу бий юу?
-Байгаа. Гэхдээ тэр хүнийг жаахан нууцалчихъя.

www.news.mn

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тооллого

Архив